Thursday, December 16, 2010

Хэнтий аймгийн музей нь 1948 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж 1971 оноос орон нутгийг судлах музей болон өргөжсөн байна.1691 оны үед баригдсан Халхын Сэцэн хануудын амьдарч байсан ордонгуудаас үлдсэн 5 барилгыг 1982 онд сэргээн засварлаж Угсаатны зүйн музей болгосноор Орон нутгийг судлах музей, Угсаатны зүйн музей гэсэн 2 обьект дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Угсаатны зүйн музей нь:
•    Угсаатны зүйн
•    Шашин мөргөлийн
•    Тоглоом наадгайн
•    Сэцэн ханы
•    Чингисийн гэсэн нийт 5 танхимтай.
Орон нутгийг судлах музей нь:
•    Хан Хэнтийн
•    Байгалийн
•    Эрийн гурван наадмын
•    Алдар цуутнуудын
•    Түүхийн гэсэн 5 танхимтай.
Чулуун зэвсгийн үеээс эхлээд өнөөгийн Хан Хэнтий нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрүүдээр үзүүлгийн танхимуудаа дэглэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд байгалийн түүхийн музейтэй хамтарч өөрийн аймгийн нутгаас түүсэн ургамлаар хатаамал хийж мөн хүрлийн үеийн олдвор, иж бүрэн мөнгөн тоноглолтой барга эмээл, шашны эд зүйлс цөгц, очир, очирын суурь зэргээр музейн сан хөмрөгөө баяжууллаа. Музейн сан хөмрөгт нийт 2000 орчим үзмэр хадгалагдаж байна.
Угсаатны зүйн музей байрлаж байгаа Сэцэн ханы ордонг МУ-ын Засгийн Газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175-р тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.
Манай музейн эрхэм зорилго нь: орон нутгийн онцлогийг харуулсан түүх, соёлын дурсгалт зүйлээр сан хөмрөгөө баяжуулж түүний хадгалалт хамгаалалтыг сайжруулан, үзэгч иргэдэд суртачлан таниулах ажлыг өргөжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны төв болохоор зорьж байна.
Тус музей нь одоогоор захирал, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, тайлбарлагч, үзмэр харагч, үйлчлэгч, сахиул зэрэг нийт 9 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2008 онд Эзэн богд Чингис хааны танхим болон Сэцэн ханы танхимуудыг шинэчлэн дэглэж 4300 хүнд үйлчиллээ.
Эзэн Чингисийн өлгий нутгийн эрт эдүгээгийн түүхтэй танилцахыг хүсвэл манай музейг зориорой. Манай музей нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайтай орших Өндөрхаан хотын төв хэсэг “Тэмүүжин”-ий гудамжинд байршилтай. Та бүхэн сайжруулсан засмал замаар 4 цаг давхиад ирэхэд тус музейн хаалга байнга нээлттэй байх болно.
Тасалбарын үнэ:
•    Насанд хүрэгчид 500-1500
•    Хүүхэд 200
Музей дотор зураг авах бол тогтоосон тарифын дагуу үнийг нэмж төлнө.

Бид дараах хуваарийн дагуу тогтмол үйлчилж байна.
•    Өдөр бүр 900 – 1800
•    Даваа, Ням гаригуудад амарна.

.....Та Халхын Сэцэн ханы болон хошуудын засаг ноёдын төрийн тамга, сүүлчийн Сэцэн ханы хэрэглэж байсан эд зүйлсийг бодитоор нь үзэж 17-р зууны үеийн сонгодог загварын барилгуудын дунд зургаа авахуулах боломжтой....

Тус музейд хадгалагдаж буй ховор үзмэрээс дурьдвал:
1.    1720 онд Манжийн хаанаас Сэцэн хан Цэвдэнбайнжуурт ирүүлсэн тамга, тамганы хайрцаг

Сүүлчийн Сэцэн хан Навааннэрэнгийн үед хэрэглэж байсан суман модон сандал
3.    Мөн Сэцэн хан Навааннэрэнгийн хэрэглэж байсан пийсүү аяга
.    Халх бөөгийн өмсгөл – майхавч, оргой, хонгинуур, хэц - Хэнтий сумаас гаралтай

5.    Уран дархан Тожилын урласан их гарын мөнгөн чимэгтэй эмээл
6.    Хоромсог, саадаг - ХҮII – XYIII зууны үед холбогдоно.
7.    Мөнгөлсөн хэт хутга – Энэхүү хутгыг Биндэр сумын малчин Наранмижидийн эцэг эх уламжлан хадгалж ирсэн ба 1985 онд музейн үзмэр болгосон байна
8.    Манзушир бурхан. Энэхүү бурханыг Дархан сумын нутагт байсан Билэгтхан хийдэд залж байжээ.

No comments:

Post a Comment