Thursday, December 23, 2010

Суманд цахим музей байгуулжээ

Суманд цахим музей байгуулжээ

Ирэх хичээлийн жилд 70 жилийнхээ ойтой золгох гэж буй сургууль бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын дунд сургууль юм. Өнгөрсөн сард нийслэл хотод тус сургуулийг төгсөгчдийн холбооны анхны уулзалт болсон бол ирэх тавдугаар сарын 7-ны өдөр тус сумынхан Бөхийн өргөөнд “Дуун түрлэгтэй 70 жил” тоглолтоо нийслэлчүүддээ толилуулах гэж байна. Өмнөдэлгэр сумын 12 жилийн сургуулийн захирал А.Энхбаатартай холбогдож ойн баярынх нь талаар тодрууллаа. Тэрбээр, “Манай Өмнөдэлгэр сум аймагтаа хамгийн томд тооцогддог сумын нэг. 12 жилийн сургалттай сургуульд өнөөдөр 1100 гаруй сурагчид суралцаж байна. Манай сургуульд улсын төсвийн хөрөнгөөр 860 сая төгрөгийн өртөгтэй сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж өгсний дээр төв байранд 180 сая төгрөгийн, дотуур байранд 65 сая төгрөгийн засвар хийсэн.Мөн “Мэдээлэл харилцааны төв”-тэй болж үндэсний хөгжмийн иж бүрдэл, тоглоомын талбай, гал тогооны цахилгаан тоног төхөөрөмж шинээр аваад байгаа юм. Далан жилийн хугацаанд 5300 гаруй сурагч манай сургуулийг төгсч амьдралд хөл тавьжээ.Одоогоор үе үеийн төгсөгчид сургуульдаа өөрсдийн бололцоогоороо бэлэн мөнгө, хонь, ном зэргийг хандивлаж эхэлсэн төдийгүй 1992 оны төгсөлтийнхөн нь усан оргилуур байгуулж өгөхөөр болсон. “Атибус” компанийн захирал Ж.Баярмагнай “Тоёота” жийп машин төрөлх сургуульдаа хандивласан.Энэ бүх сэтгэлийн хандивт талархсанаа илэрхийлж бид удахгүй урлагийн тоглолт хийхээр бэлтгэж байна” гэлээ. Мөн ойгоо угтаж сургуулийнхаа түүхийг шинэчилж цахим музей байгуулжээ.

No comments:

Post a Comment